Удирдлагын мэндчилгээ

ҮЕ ҮЕИЙН АХМАД АЖИЛТАН ТА БҮХЭНДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Эрхэм хүндэт үе үеийн ахмад ажилтан Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Анх 1936 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан  манай байгууллага өнөөдөр ус цаг уур, орчны шинжилгээний салбарын хөгжилд өөрийн гэсэн байр суурийг эзэлж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Долодын Түвдэндоржийн нэрэмжит Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон өргөжин хөгжиж, 90 жилийн түүхтэн өдөр тохиож байна.

Энэхүү түүхэн замналын үнэ цэнтэй хуудас бүрд Та бүхний залуу нас, хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлага, сэтгэл зүрх шингэсэн билээ. Цаг уурын салбарынхаа төлөө залуу халуун наснаасаа эхлэн ажиллаж, амьдралынхаа олон жилийг зориулан, хариуцсан ажил үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ахмад ажилтнаа хүндэтгэн дурсаж, өнөөдрийн амжилтаа үнэлж, ирээдүйн хөгжлөө хамтдаа бүтээхэд Та бүхний оруулсан хувь нэмэр, үлгэр дуурайлал, үнэтэй зөвлөгөө бидний хувьд ямагт эрхэм билээ.

Залгамж халаа болсон хамт олон бид Та бүхнийхээ хөдөлмөр бүтээл, үнэтэй сургаал, арвин туршлагыг өвлөн авч ажил үйлсийг тань үргэлжлүүлэн, байгууллагынхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллаж байна.

Та бүхэндээ эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, амар амгалан, гэр бүлд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛОН

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ  Э.БАЯНБААТАР